Амьдралын дасгалжуулагч болоход ямар мэргэжил, сертификат, магадлан итгэмжлэл шаарддаг вэ?

Амьдралын дасгалжуулагч болохыг хүсч буй хүмүүсийн нийтлэг тавьдаг асуулт бол “Би хүмүүст туслахыг маш их хүсч байна, гэхдээ яаж мэргэжлийн көүч болох вэ, ямар сургалтанд суух вэ” гэдэг. Би ч ялгаагүй ийм асуулттай тулгарч байсан.

Зарим көүч нар хүмүүст мэргэжлийн көүч болохын тулд заавал гадны их сургууль төгссөн байх ёстой, мэргэжлийн үнэлгээний байгууллагаас сертификат, диплом авсан байх ёстой мэт ташаа ойлголтыг өгдөг. Амьдралын дасгалжуулагч болохоор тэмүүлж буй хүмүүсийг сайн көүч болоход нь дэмжиж, туслах гэхээсээ илүүтэй айлган сүрдүүлж, зоригийг нь мохоодог. Ингэснээрээ хүмүүст туслах хүсэлтэй, ирээдүйд сайн көүч болох байсан ирээдүйтэй хүмүүсийг бид алддаг. Зүгээр л буруу мэдээллээс болж ийм байдал үүсч байна.

Бусдад туслах чин хүсэлтэй, өөрөө ч мэдэлгүй хэн нэгэнд урам зориг, үнэтэй зөвлөгөө өгч явдаг хүмүүс төрөхөөсөө л ментор, көүч, дасгалжуулагч нар байдаг. Дэлхийн хамгийн чадварлаг, нэр хүндтэй көүч нар хэзээ ч хэн нэгнээр магадлан итгэмжлүүлсэн байдаггүй юм шүү. Жим Рон, Боб Проктор, Роберт Киосаки, Тони Роббинс гээд эдгээр нэрсийн жагсаалт хязгааргүй үргэлжилнэ!

Үнэн гэвэл амьдралын дасгалжуулалт, көүчингийн салбар хуулиар зохицуулагддаггүй. Манай оронд битгий хэл өндөр хөгжилтэй Америкт ч тэр хуулийн зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл Амьдралын дасгалжуулагч, көүч болоход ямар нэг мэргэжлийн диплом, сертификат шаарддаггүй гэсэн үг. Амьдралын дасгалжуулагч, көүч бэлтгэх сургалт явуулж буй байгууллага нь ч бакалавр, мастер гэх мэт боловсролын зэрэг олгодоггүй учраас магадлан итгэмжлэлд ордоггүй.

Амьдралын дасгалжуулагч, көүч нар сэтгэл засал, янз бүрийн эмчилгээ хийдэггүй. Иймд заавал сэтгэл зүй, сэтгэл заслын эмч байх албагүй. Амьдралын дасгалжуулалт, көүчинг нь сэтгэл заслаас огт өөр зүйл. Иймд амьдралын дасгалжуулагч, көүч нар нь аливаа сэтгэл зүй, сэтгэцийн асуудалд оролцохгүй байх хэрэгтэй.

Олон улсад мэргэжлийн холбоод гэж байх бөгөөд өндөр стандарт, ёс зүйн баримтлал, сайн туршлагыг дэлгэрүүлэх үүрэг оролцоотой ажилладаг. Гэсэн хэдий ч ямар нэгэн мэргэжлийн магадлан итгэмжлэл, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зэрэг олгодоггүй.

Амьдралын дасгалжуулалт, көүчинг нь дотроо олон төрөл байх бөгөөд үүнд фитнесс, эрүүл мэнд, зөв хооллолт, илтгэл, хувийн санхүү, бизнес, маркетинг, борлуулалт гэх мэт дасгалжуулагчийн амьдралын туршлага, мэргэжлийн онцлогоос шалтгаалан төрөлждөг.

Эцэст нь хэлэхэд көүчинг гэдэг бол хэн нэгний өмчилсөн салбар биш. Хүн хүндээ туслахад буруу зүйл огт байхгүй. Хүмүүсийг ойлгож, тэдэнтэй үр дүнтэй хамтран ажиллахад мэдээжийн хэрэг ур чадвар хэрэг болдог. Тасралтгүй өөрийгөө хөгжүүлж, ур чадвараа ахиулж явах нь амьдралын дасгалжуулагч бидний үүрэг билээ.

Хэрэв та Амьдралын дасгалжуулагч болохыг хүсдэг ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол Көүч бэлтгэх онлайн сургалтанд таныг урьж байна.