Үр дүнтэй көүчинг хийх 4 үе шат

Та үйлчлүүлэгчээ дасгалжуулахдаа өөрийн арга барил, онцлогтоо тулгуурлан олон төрлийн арга, техник ашиглаж болно. Гэхдээ ямар ч арга ашигласан үйлчлүүлэгчийнхээ амьдралд бодит үр дүн авчрахын тулд дасгалжуулалтдаа дараах үндсэн 4 алхмыг мөрдөх хэрэгтэй.


1-Р АЛХАМ: Бэлтгэл

Дасгалжуулалтын уулзалт бүрийг амжилттай явуулахын тулд эхлээд бэлтгэл ажлыг хангах хэрэгтэй. Энэ нь көүч болон үйлчлүүлэгч хоёуланд нь хамаатай бөгөөд доорх аргын дагуу бэлтгэлээ хангаснаар дасгалжуулалтын цагийг үр дүнтэй ашиглаж чадна.

Көүчийн бэлтгэл

Көүчийн хувьд та үйлчлүүлэгчийнхээ зан чанар, хандлага, амьдралын хэв маяг гээд бүх төрлийн мэдээллийг цуглуулж дасгалжуулалтдаа бэлдэх хэрэгтэй. Мөн үйлчлүүлэгчийнхээ хүсч, тэмүүлж буй зүйлсийн талаар тодорхой ойлголттой байх нь чухал. Иймд хичээл бүрийнхээ эхэнд өмнөх хичээлийн тэмдэглэл, дасгал ажлуудыг эргэн харж байгаарай.

Дараа нь өөрийн бодол, санаагаа цэгцэлж, дасгалжуулагчийн бүсдээ ор. Хэдий та үйлчлүүлэгчийнхээ амьдралыг илүү сайн сайхан болох зорилготой энд сууж байгаа ч та ч гэсэн хувийн амьдралтай хүн шүү дээ. Таны амьдралд баяртай, гунигтай юу ч тохиолдож болно. Гол нь яг үйлчлүүлэгчээ дасгалжуулж байх хугацаанд өөрийн хувийн амьдралаасаа түр холдож, зөвхөн үйлчлүүлэгчдээ төвлөрч сурах хэрэгтэй. Үүний тулд бясалгал юм уу, анхаарал төвлөрүүлэх дасгал хийж болно.

Үйлчлүүлэгчийн бэлтгэл

Дасгалжуулалт эхлэх үед та өөрөөсөө гадна үйлчлүүлэгчээ мөн бэлдэх хэрэгтэй. Ингэхдээ эхлээд үйлчлүүлэгчдээ дасгалжуулалт бол ямар нэгэн сэтгэлзүйн эмчилгээ биш гэдгийг ойлгуул. Мөн тэрээр өөрийн зорилгын төлөө зоригтой үйлдэл хийхэд бэлэн байх ёстой бөгөөд дасгалжуулалтын явц, тулгарч буй саад бэрхшээлээ тантай нээлттэй ярилцдаг байх нь чухал. Иймд та үйлчлүүлэгчийнхээ итгэлийг бүрэн олж авахад анхаарч ажиллаарай.

2-Р АЛХАМ: Дүн шинжилгээ

Үйлчлүүлэгчтэйгээ бүрэн ойлголцож, харилцан итгэлцлийг бий болгосныхоо дараа үйлчлүүлэгчийнхээ одоогийн нөхцөл байдлыг судалж, дүн шинжилгээ хий. Ингэхдээ көүч хүн сэтгэлзүйн эмгэгийн “онош” тавьдаггүй гэдгийг мартаж болохгүй. Харин үйлчлүүлэгчдээ хүссэн амьдралаа бүтээхэд нь туслахад шаардлагатай мэдээллүүдийг олж цуглуулан, дүн шинжилгээ хийгээрэй. Жишээлбэл:

  • Одоогийн нөхцөл байдалд нь дүн шинжилгээ хийх
  • Тулгарч буй асуудал, саад бэрхшээлд нь дүн шинжилгээ хийх
  • Нөөц боломж, бололцоог нь нээн илрүүлэх
  • Тэднийг замд нь юу гацаагаад байгааг олж мэдэх
  • Зорилгыг нь тодорхойлох
  • Зорилгынх нь талаар илүү гүнзгий судлах шаардлагатай.

3-Р АЛХАМ: Дасгалжуулалт

Үйлчлүүлэгчийнхээ нөхцөл байдалд дүн шинжилгээ хийснийхээ дараа тэдэнд тохирох дасгалжуулалтын арга, техник, дасгал ажлуудыг сонгож, дасгалжуул. Үр дүнтэй дасгалжуулалт нь гол төлөв харилцан яриан дээр тулгуурлан үйлчлүүлэгчийнхээ сэтгэлгээг өөрчлөх зарчмаар явагддаг тул идэвхтэй сонсож, хүчирхэг асуултууд асуух хэрэгтэй.

4-Р АЛХАМ: Үйлдэл

Уулзалтын сүүлийн 10-15 минутыг ашиглан дараах алхмын дагуу дасгалжуулалтын хичээлээ дуусгаарай. Ингэснээр үйлчлүүлэгч тань хичээл дууссаны дараа зорилгодоо хүрэхийн тулд юу хийх ёстойгоо тодорхой мэдэж авсан байх учиртай.

  • Амьдралын зорилго, зорилт тодорхойлох
  • Зорилгодоо хүрэх төлөвлөгөө гаргах
  • Зорилгодоо хүрэх замд тулгарч болзошгүй саад бэрхшээл, эрсдэлийг тодорхойлох
  • Тууштай, хариуцлагатай байхад нь тусалж, хяналт тавих
  • Зорилгодоо хүрэхийн тулд тодорхой үйлдэл хийхэд нь шаардлагатай бүх зүйлс байгаа эсэхийг нь баталгаажуулах

Хэрэв та амьдралын дасгалжуулагч болохыг хүсдэг ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол манай "Көүч бэлтгэх онлайн сургалт"-нд хамрагдахыг урьж байна. Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.