Хэрхэн хувийн менежментээ сайжруулах вэ?

1. Зорилгоо тодорхойл

Таны хувьд амжилт гэж вэ? Та юуны тулд ингэтлээ шаргуу хөдөлмөрлөж байна вэ? Та ганц олдох энэ амьдралаа утга учиртай өнгөрүүлж чадаж байна уу?

 

Хувийн менежментээ сайжруулахын гол зорилго нь эцэстээ өөрийн хүссэн амьдралын хэв маягийг бүтээх байдаг. Гэвч яг ямар амьдрал хүсч байгаагаа мэдэхгүй бол ямар ч өөрчлөлтийг хийж чадахгүй. Иймд юун түрүүн өөрийн урт болон богино хугацааны зорилгоо оновчтой тодорхойлсноор энэ жил, энэ сар цаашлаад өнөөдөр хийх ёстой ажлуудаа оновчтой тодорхойлж, зөвхөн чухал зүйлсдээ төвлөрч чадна.

2. Төвлөрсөн хийх ажлын жагсаалт гарга

Дараа нь өөрийн хийх ёстой ажлуудаа нэг дор жагсаан бич. Ингэхдээ гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх, хоббигоо хөгжүүлэх зэрэг танд таашаал, сэтгэл ханамж өгдөг ажлуудыг мөн бичихээ мартуузай. 

3. Урьдчилан төлөвлө

Хэрэв таны хийх ажлууд тодорхой болсон бол тэдгээрийг хийж гүйцэтгэх хугацааг нь зааж өг. Жишээлбэл, энэ долоо хоногт дуусгах ёстой төслийн ажлыг яаж жижиг, жижиг ажил болгон 7 хоногт хуваан хэрхэн хийж дуусгах вэ? Эсвэл өдөр бүр хийх ёстой дадал зуршилтай холбоотой ажил байвал өдөрт хэдэн минутыг зарцуулах хэрэгтэй вэ? гэх мэт. 

 

Ингэхдээ өмнө нь тодорхойлсон зорилгодоо хүрэхэд тань туслах ажлуудыг илүү чухал гэж тэмдэглэн “заавал хийх” гэж ангилаарай.

4. Гүйцэтгэлээ хянах системийг бий болго

Та өөрийн төлөвлөгөөгөө дэвтэр, цаас, самбар, гар утасны аппликейшн гээд юун дээр ч гаргаж болно. Гол нь хийсэн бол хийсэн, хийгээгүй бол хийгээгүй гэдгээ тэмдэглээд, хянаад явахад хялбар байлгах хэрэгтэй. Мөн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаа удахгүй дуусгах ёстой, дуусгах хугацаа нь арай болгоогүй, нэн тэргүүний чухал,  тийм ч чухал биш зэргээр ангилж, чухал ажлуудаасаа эхэлж хийгээрэй.

5. Анхаарал сарниулах зүйлсээс зайлсхий

Утасны дуудлага, гэнэтийн уулзалт зэрэг таны төлөвлөгөөнд харшилсан, анхаарлыг тань сарниулж буй зүйлсээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Жишээлбэл, та чухал ажлаа хийж байх үедээ утсаа онгоцны горим дээр тавьж болно. Энэ нь танд имэйл, дуудлага, сошл мэдэгдэл зэрэг анхаарал сарниулах зүйлээс зайлсхийхэд тусална. Эсвэл өөрийн гар утсанд зарим мэдэгдэл ирэхгүй байхаар тохируулж болно. 

6. Эн тэргүүний ажлууддаа цаг тухайд нь санамжуудыг тохируулах

Таны зохион байгуулалтын системийг илүү үр дүнтэй байлгахын тулд тэргүүлэх чиглэлүүд болон ирээдүйн ажлуудаа мэдэж байх нь чухал юм. Иймээс яаралтай болон ойрын хугацаанд хийгдэх ажлуудын сануулга, шинэчлэлтүүдийг тохируулах хэрэгтэй. Эдгээр шинэчлэлтүүдийг хэзээ авахыг та өөрөө тодорхойлж, бэлтгэлээ хангахад тохиромжтой цагийг сонгоно. Жишээлбэл, Баасан гарагийн хуралд зориулсан цаг үеийн шинэчлэлтийг цаг тухайд нь авснаар Лхагва гарагт шаардлагатай тайланг бэлтгэх боломжтой болно.

7. Хүрээлэн буй орчноо эмх цэгцтэй байлга

Та ямар нэг зүйл хайж байхдаа ямар их стресстэж байгаагаа анзаарч байсан уу? Бидний урд шийдэх ёстой ажил, амьдралын маш олон асуудал байхад ингэж утас, дэвтэр, үзэг зэрэг жижиг хэрэгслүүдээ хаана байгааг хайх нь таны цагийг дэмий үрээд зогсохгүй тархины үйл ажиллагааг саатуулдаг. Иймд ажлын ширээ, гэр орноо аль болох минималист, эд хогшил багатай, хэрэгтэй зүйлсээ эмх цэгцтэй байлгах нь хувийн менежмент сайтай байхад тусална.

 

Энэ нь хэрэгтэй баримт бичиг, файлуудаа зөв нэршлээр хадгалж, байнга ашиглагддаг чухал зүйлсээ нэг газар тавьж, хэрэглэсэн зүйлээ байранд нь буцааж тавихаас эхэлнэ. Мөн өдөр бүр 15 минут эсвэл долоо хоног бүрийн төгсгөлд ядаж 1 цаг эргэн тойрноо эмхэлж цэгцэлж хэвшээрэй.