Стэнфордын их сургуулийн профессор Келли МакГонигал "Стрессийн эерэг тал" номондоо асуудлаас зугтаж, стрессгүй амьдрах гэж хичээх нь ирээдүйг хязгаарлахын зэрэгцээ амьдралаас авах сэтгэл ханамжийг бууруулдаг тухай тайлбарласан байдаг. Харин үүний оронд стресстэх асуудлаа зөв сонгож, стрессийг амьдралдаа өсөлт, хөгжил авчрах нэг хэрэгсэл болгон ашиглаж болно.
Илүү тодорхой хэлбэл, та өөртөө хүрэхэд хэцүү мөртлөө утга учиртай, чухал зорилго тавьж, түүндээ яаж хүрэх вэ гэдэгт стресстэх хэрэгтэй. Ингэснээр:
- Бусад жижиг асуудлыг хүндээр хүлээн авч стресстэхээ болино.
- Тавьсан зорилгодоо хүрч, илүү сайхан амьдралыг бий болгох боломжтой.
Хэрхэн зорилгоо зөв тодорхойлох вэ?
1. Өөрт утга учиртай 3 зорилгоо тодорхойл
Эдгээр нь таныг хамгийн их стресстүүлдэг асуудлыг шийдвэрлэсэн байвал тохиромжтой.
- Ажил, мэргэжилтэй холбоотой, “Би чадах болов уу” гэж эргэлзүүлсэн амбицтай, том зорилго
Жишээ нь, ажил дээрээ нэг чухал төсөл амжилттай хэрэгжүүлэх, албан тушаал ахих, эсвэл хувийн бизнесээ эхлүүлэх гэх мэт.
- Эрүүл мэндтэй холбоотой зорилго
Жишээ нь, эрүүл чийрэг, гоё бие галбиртай болох, ямар нэг өвчнөөс ангижрах гэх мэт.
- Хувийн амьдралтай холбоотой зорилго
Жишээ нь, ажил, амьдралын тэнцвэрээ хадгалах, гэр бүл хайртай дотныг хүмүүстэйгээ хамт дурсамж бүтээх гэх мэт.
2. Тэрхүү зорилгодоо хүрэхийн тулд дараа долоо хоногт юу хийхээ тодорхойл
Долоо хоног бүрийн эхэнд утга учиртай 3 зорилгоо эргэн санаж түүндээ хүрэхийн тулд тэр долоо хоногт юу хийж чадахаа бодоорой. Бид шинэ жил болгоноор өмнөө маш том зорилго тавьдаг ч 2-р сар гэхэд түүндээ хүрэх битгий хэл тийм зорилго тавьснаа ч мартсан байдаг. Иймд нэг том зорилго тавиад, түүнийгээ долоо хоногт хийх жижиг алхам болгон хувааснаар алхам, алхмаар урагшилж, эцэст нь зорилгодооамжилттай хүрч чадна.
3. Зорилгоо хүрэхийн тулд өдөр бүр 1 зүйл хий
Таны хийж буй үйлдэл бүр таныг бүтээж байдаг. Иймд тухайн долоо хоногийн зорилгодоо хүрэхийн тулд өдөр бүр заавал нэг зүйл хийгээрэй. Жишээлбэл, та өглөө бүр 30-60 минутын турш хамгийн чухал ажилдаа гүн төвлөрч ажиллаж болно. Эсвэл өдөр бүр 10 минут дасгал хийж, хайртай хүндээ талархлаа илэрхийлсэн зурвас бичиж болно.
Эцэст нь хэлэхэд, амьдралд үнэ цэнтэй зүйлс амархан олддоггүй. Амархан олдсон зүйлс үнэ цэнтэй байдаггүй тул өөрт хамааралгүй эсвэл өөрийн шийдэж чадахгүй асуудалд стресстэж, бие махбод болон оюун санаагаа чилээхийн оронд үнэ цэнтэй зүйлсдээ төвлөрч, зөв зүйлд стресстэх замаар амьдралаа аз жаргалаар хөглөөрэй.