Зорилгодоо хүрэхэд тань туслах хүчирхэг асуултууд
  • Яагаад энэхүү зорилгод хүрэхийг хүсэж байгаа цаад учир шалтгааныг олоход тусална
  • Зорилгодоо хүрэхэд тань тулгарч буй саад бэрхшээлийг даван туулах шийдлийг олоход тусална
  • Зорилгодоо хүрэхийн тулд юу хийх ёстойгоо ойлгоход тусална
  • Алхам алхмаар, тууштай урагшилж, зорилгодоо хүрэхэд тусална.

Зорилгодоо хүрэхийн тулд өөрөөсөө асуух асуултууд:

 

1. Та ямар зорилгод хүрэхийг хүсэж байна вэ?

Таны зорилго тодорхой бөгөөд бодитой байх ёстой. Жишээлбэл, хэрэв та өв тэгш бие галбиртай болохыг хүсэж байвал “Би гоё биетэй болмоор байна” гэж биш “Би __ кг турмаар байна” гэж хэлэх хэрэгтэй. Анхнаасаа зорилгоо мөрөөдлийн ертөнцөөсөө бодит байдал дээр буулгаж, тодорхой байлгавал тэрхүү зорилгодоо хүрэхийн тулд юу хийх ёстойгоо олж мэдэхэд ч хялбар байна.

2. Та зорилгодоо хүрэхийн тулд юу хийх ёстой вэ?

Хэрэв та энэ асуултад шууд хариулж чадахгүй байвал дэвтэр, үзгээ аваад хийж болох бүх зүйлсээ жагсаан бичээрэй. Тэгээд дараа нь жагсаалтад дотроосоо зорилгодоо хүрэхийн тулд хийх үйлдлээ сонгож болно.

3. Та яагаад энэ зорилгод хүрэхийг хүсэж байна вэ?

Энэхүү асуултад чин шударгаар хариулаарай. Та яг өөрөө энэ зорилгод хүрэхийг үнэхээр их хүсэж байна уу, эсвэл хэн нэгний хүлээлтэд нийцэхийн тулд энэ зорилгыг өөртөө тавьсан уу?

4. Хэрэв та энэ зорилгодоо хүрч чадвал таны амьдрал яаж өөрчлөгдөх вэ?

Тавьсан зорилгодоо хүрсний дараах амьдралаа төсөөл. Хэр өөрчлөгдсөн байна вэ? Ингэхдээ эерэг болон сөрөг аль, аль талаас нь харахыг хичээгээрэй.

5. Энэ зорилгод хүрснээр та ямар асуудлаа шийдэж чадах вэ?

Мэдрэмж биднийг хөдөлгөдөг. Мэдрэмж, сэтгэл хөдлөл бол хамгийн хүчтэй өдөөгч бөгөөд бидний тавьсан бүх зорилго эцэстээ сайхан мэдрэмж авахад чиглэсэн байдаг. Иймд таны зорилго таны амьдралын аль хэсгийг илүү сайхан болгож чадахыг олж мэдэх нь таныг бууж өгөлгүй, зорилгынхоо төлөө тууштай тэмцэхэд туслах болно.

6. Та өнөөдрийг хүртэл энэ зорилгодоо хүрэхийн тулд юу хийсэн вэ?

Та өмнө нь энэ зорилгод хүрэхийн тулд ямар нэгэн үйлдэл хийж байсан уу? Танд энэ зорилгодоо хүрэхэд хэрэгтэй мэдлэг туршлага, ур чадвар байгаа юу? Эдгээр асуултуудад хариулан өөрт байгаа нөөц боломж, бололцоогоо олж мэдсэнээр та зорилгодоо хүрч чадна гэсэн итгэлийг олж авч чадна.

7. Та энэ зорилгодоо хүрэхийн тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

2-р асуултад гаргасан зорилгодоо хүрэхийн тулд хийх ёстой зүйлсийн жагсаалтаа эргэн хараарай. Алийг нь яаралтай хийх ёстой вэ? Алийг нь хойшлуулж эсвэл бүрмөсөн хийхгүй байж болох вэ?

8. Та энэ зорилгодоо хүрэхийн тулд өнөөдөр юу хийж чадах вэ?

Хамгийн түрүүнд хийх ёстой зүйлээ тодорхойлсон бол одоо түүнийгээ өдөр тутамд хийх жижиг алхмуудад хуваан өнөөдрөөс эхлэн хийж эхлээрэй. Таныг зорилгодоо хүрч чадна гэдэгт би итгэлтэй байна.